“ТАНКИЙН БИАТЛОН” ТӨРӨЛД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН БАГИЙН УРАЛДААНЫГ ҮЗЭЖ ТАНИЛЦАВ

ОХУ, БНХАУ, Казахстан Улс, Беларус Улс, Азербайжан Улсын нутаг дэвсгэрт 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрүүдийн хооронд зохион байгуулагдаж байгаа “Армейские международные игры-2017” олон улсын цэргийн тэмцээний хамгийн сонирхолтой бөгөөд олны анхааралд оршдог төрөл болох “Танкийн биатлон” мөн “Хээрийн гал тогоо”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний багууд амжилттай оролцож байгаа юм. “Танкийн биатлон” тэмцээнд ийнхүү 4 дэх жилдээ оролцож байгаа бол “Хээрийн гал тогоо”,  “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнүүдэд 2 дахь жилдээ оролцож байна.

“Танкийн биатлон” тэмцээний эхний шатны шалгаруулалтад 19 орны 55 танкийн экипаж нэг бүрчлэн тусгай маршрутын дагуу саадуудыг туулан, буудлагын дасгал гүйцэтгэн уралдаж нийлбэр дүнгээр хамгийн бага хугацаанд барианд орсон 12 орны баг хагас шигшээ тоглолтод шалгаран үлдэх дүрэмтэй. 8 дугаар сарын 05-ны өдөр уралдсан манай 3 дугаар экипажийн уралдааныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ЭСЯ-ны зарим удирдлагын хамт ОХУ-ын Зэвсэгт хүчний “Алабино” цэргийн сургалтын төвд зочлон очиж газар дээр нь үзэж багаа хөгжөөн дэмжсэн юм.

“Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож байгаа багын бие бүрэлдэхүүн, удирдлагатай уулзаж, санал солилцон, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадамж, нэр төрийг өргөж, олон улсын цэргийн хамтын ажиллагаа, дайчин нөхөрлөлд хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд, тэдэнд баяр хүргэж, дараагийн шатны тэмцээнүүдэд улам өндөр амжилт гаргахыг ерөөж гарын бэлэг гардуулав.

“Танкийн биатлон” тэмцээний эхний шатны тэмцээний дүн гарч Монгол Улсын Зэвсэгт хүчний баг 8 дугаар байрт шалгарч хагас шигшээд танкийн буухиа төрлөөр Беларус Улс, Казахстан Улс болон Армени Улсын багуудтай өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Казахстан Улсын нутаг дэвсгэрт явагдаж буй “Мэргэн буудагчийн зааг” төрөлд оролцож буй 17 орноос шилдэг 8 оронд багтаж хагас шигшээд шалгарсан бол “Хээрийн гал тогоо” төрөлд багийн дүнгээр 3 дугаар байранд өрсөлдөн тэмцээн үргэлжилж байна.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.