“ТОРГОНЫ ЗАМ – 2017” ОЛОН УЛСЫН 7 ДАХЬ УДААГИЙН АВТО РАЛЛИ УРАЛДААН ГАРААГАА ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын авто, мото холбооны тэргүүн А.Амгалан нар “Торгоны зам – 2017” Олон улсын авто ралли уралдааны гарааны ёслолын арга хэмжээнд уригдан оролцов.

Ёслолын арга хэмжээг нээж ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч О.Голодец ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг дэвшүүлж хэлсэн үгэндээ “Торгоны зам” Олон улсын уралдааныг дэлхийн олон орны оролцогчдыг нэгтгэсэн олон улсын спортын том үйл явдал болохыг нь онцлов. Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Спортын сайд П.Колобков, уралдааны ерөнхий түнш “Газпром” компаний ТУЗ-ын дарга А.Миллер, “Камаз” компаний гүйцэтгэх захирал С.Когогин болон БНХАУ, Казахстаны албаны хүмүүс оролцов.

Албан ёсны ажиллагааны дараа Улаан талбай дээр байрлуулсан Гарааны хаалгаар тэмцээний баг тамирчид гараагаа эхлэж, баг тамирчдыг ахалж дэлхийн аварга “Peugeot Sport” багийн Сириль Депре, Давид Кастер нар эхлүүлсэн бол тэдгээрийн араас “X-Raid MINI-ийн Язид Аль-Раджи, Себастьен Лёб, Брайс Мензис, Стефан Петерансель болон бусад баг тамирчид хөдлөв. “Торгоны зам” уралдааны хошой аварга «КАМАЗ-мастер» багийн ахлагч Айрат Мардеевийн багийг оросын хөгжөөн дэмжигчид нь баяр хөөртэй гаргаж өгөв.

Авто ралли уралдааны оролцогчид 2 долоо хоногийн хугацаанд 9599 км-ийг туулж, үүний 4094 км-т нь тусгай оролцогчид уралдаж, 3 улсын 14 хотоор дайрч Тэнгэр уулын нурууг давж, Говийн элсэн цөлийг гэтлэх юм байна. Хамгийн анхны уралдаан 7 дугаар сарын 8-ны өдөр Москва – Чебоксарын хооронд явагдах юм.

Авто ралли уралдааныг зохион байгуулагчид ирэх жил энэхүү алдарт уралдааныг Монгол Улсаар буюу Москва – Улаанбаатар – Бээжин гэсэн маршрутыг сонирхож буйгаа илэрхийлсэн болно.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.