МОСКВАГИЙН 39 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ

Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадам энэ оны 6 дугаар сарын 22-29-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо амжилттай болж, их наадмын хаалтын ажиллагаа 29-ний өдрийн 19.00 цагт Москва хотын “Россия” кинотеатрт ёслол төгөлдөр боллоо.

Их наадмын хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, монголын уран сайхны “Явуулын хүн” киноны гүйцэтгэх продюсер Б.Мэндсайхан, жүжигчин, мисс А.Баярцэцэг, жүжигчин А.Алтантөр нар оролцлоо.

Кино наадмын хөтөлбөрийн дагуу нийт 500 шахам кино үзэгчдийн хүртээл болж, наадмын уралдаант хөтөлбөрт Япон, Хятад, Турк, Финлянд, ОХУ, Герман, Австри, Солонгос, Дани, Испани, Аргентин, Бангладеш, Энэтхэгийн кинонууд өрсөлдөж, Хятадын кино найруулагч Лян Цяогийн “Хохлатый ибис” кино тэргүүн байр эзэлж, наадмын гол шагнал «ЗОЛОТОЙ ГЕОРГИЙ» цом хүртлээ.  Шүүгчдийн ахлагч Реза Миркарими шагналыг гардуулахдаа кинематографын үнэт зүйлс болон хүнлэг энэрэнгүй үзэл санааны төлөө энэхүү шагналыг олгосныг тэмдэглэв. Найруулагч Лян Цяо «ЗОЛОТОЙ ГЕОРГИЙ» цом гардаж авахдаа “Бид кинондоо экологийн асуудлыг хөндсөн, Хятадын экологийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Москвагийн 39 дэх удаагийн кино наадмын шилдэг кино найруулагчаар Туркийн “олон улсын Жёлтая жара” киноны найруулагч Фикрет Рейхан, шилдэг эрэгтэй дүрийн жүжигчнээр Солонгосын “Обычный человек” кинонд тоглосон Сон Хёнчу, шилдэг эмэгтэй дүрийн жүжигчнээр Герман, Австрийн хамтарсан “Лучший из миров” кинонд тоглосон Верена Альтенбергер, Баримтат киноны уралдааны шилдэг киногоор Франц, Швейцарийн хамтарсан “Опера” кино, шүүгчдийн тусгай шагналаар ОХУ-ын найруулагч Рустам Хамдамовын бүтээл “Мещок без дна” кино тус тус шалгарч «СЕРЕБРЯНЫЙ ГЕОРГИЙ» цомоор шагнуулав.

Түүнчлэн Норвегийн кино найруулагч Себастиан Торнгрений “Скорая помощь” бүтээл шилдэг богино хэмжээний киноны тусгай шагналын, Итал Улсын жүжигчин Франко Неро “За вклад в мировой кинематограф” тусгай шагналын, мөн тус улсын нэрт жүжигчин Микеле Плачидо «Верю. Константин Станиславский» тусгай шагналын эзэд боллоо. Жүжигчин Микеле Плачидо “Станиславский үнэхээр миний багш, тэр дэлхийн бүх жүжигчдийн багш байсан. Станиславскийн системийг судлаагүй авьяаслаг жүжигчин гэж дэлхийд байхгүй. Миний хувьд Константин Станиславскийн нэрэмжит тусгай шагналыг авах нь «Оскар»-ын шагнал авахаас ч илүү чухал  хэрэг” гэжээ.

Өнгөрсөн онд Москва хотод болсон 38 дахь удаагийн их наадмын үеэр кино урлагт Москва хотын дүр төрхийг бүтээсний төлөө олгох “Москва хотын Захирагчийн нэрэмжит тусгай шагнал” бий болгож байгааг зарлаж,  100 сая рублийн сан үүсгэсэн бөгөөд энэхүү тусгай шагналын төлөө 9 кино өрсөлдөж, ОХУ-ын найруулагч, продюсер А.Меликяны «Про любовь» кино тэргүүн байр эзэлж 50 сая рубль, найруулагч А.Зайцев, продюсер А.Зайцев, О.Гранина нарын бүтээл «14+» кино 2 дугаар байранд орж 30 сая рубль, найруулагч Р. Прыгунов, продюсер П.Ануров, Ф.Бондарчук, Д.Рудовский нарын бүтээл «Духless» и «Духless 2» кино 3 дугаар байр эзэлж 20 сая рублийн тусгай шагнал тус тус хүртэв.

Манай улсын хувьд  Москвагийн олон улсын кино наадамд анх удаа 1959 онд “Ардын Элч” уран сайхны киногоор оролцож, Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Энэ удаагийн наадамд найруулагч Д.Баярсайхан, продюсер О.Урантуяа нарын бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино тус наадмын “Уралдаант бус” хөтөлбөрийн “Русский след” хэсэгт сонгогдсон нь манай улсын орчин үеийн кино урлагийн түүхэнд анх удаа тохиож буй тэмдэглэлтэй үйл явдал боллоо. Москва дахь ЭСЯ “Явуулын хүн” киноны гүйцэтгэх продюсер Б.Мэндсайхан, жүжигчин А.Алтантөр, А.Баярцэцэг нарыг угтан авч бүх талын дэмжлэг үзүүлж, улмаар уг киног “Октябрь” кинотеатрт үзэгчдэд танилцуулахад тусалж, тус киноны уран бүтээлчид болон их наадмын зохион байгуулагчид, зочдыг ЭСЯ-ны байранд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх зэрэг  арга хэмжээ хэмжээ зохион байгууллаа.

Элчин сайд Б.Дэлгэрмаа кино наадмын хаалтын ёслолын үеэр наадмын Хөтөлбөрийн зохион байгуулагч Марина Торопыгинатай уулзаж ярилцахад тэрээр энэ удаагийн наадамд Монгол Улсын “Дижитал Контент” дистрибьютр компаниас нэр дэвшүүлсэн “Явуулын хүн” уран сайхны киног сонгон оролцуулсан нь наадмын зочид, үзэгчдийн сонирхлыг татсаныг тэмдэглээд, 2018 онд болох 40 дэх удаагийн кино наадамд удахгүй зураг авалтыг нь  хийхээр төлөвлөж буй нэр бүхий монгол киног их наадмын уралдаант хөтөлбөрт өрсөлдүүлэх зорилгоор нэр дэвшүүлэх талаар “Дижитал Контент” компанитай  урьдчилан тохиролцсон тухайгаа дурдав. Элчин сайд Б.Дэлгэрмаа талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж, ЭСЯ-ны зүгээс зохион байгуулалтын асуудлаар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно гэв.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.