МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ, ТҮҮХ СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ХИЙЖ, НОМ БИЧНЭ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Сел и поехал” олон улсын аялагчдын хөдөлгөөний тэргүүн Павел Кобяк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус хөдөлгөөний гишүүд Оросын газар зүйн нийгэмлэгийн Ивээн тэтгэгчдийн зөвлөлийн дарга В.В.Путины тавьсан “Хүүхэд залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, идэвхтэй аялал амралтын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх” зорилгын дагуу 2017 оны 7 дугаар сарын 13-аас 8 дугаар сарын 5-ны хооронд “Чингис хааны жимээр” нэртэй авто аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн тухайгаа Элчин сайдад танилцуулав.

“Сел и поехал” хөдөлгөөний гишүүд “Чингис хааны жимээр” аяллын гараагаа ОХУ-ын Чит хотоос эхлэж, БНХАУ-ын Манжуур, Монгол Улсын Дорнод, Эзэн Богд Чингис хааны төрсөн газар Хэнтий аймаг, нийслэл Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг дахь Эртний нийслэл Хархорин хот, говь болон алтайн уулс, Ховд аймаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялахаар төлөвлөсөн байна. Аяллын үеэр баримтат киноны зураг авалт хийгдэх бөгөөд тус хөдөлгөөнөөс эрхлэн гаргадаг цуврал номынх нь ээлжит дугаар болон хэвлэгдэн гарах юм байна. Тус хөдөлгөөнийхөн аялсан аяллын тэмдэглэлээ ном болгон хэвлүүлэн гаргадаг бөгөөд урьд өмнө нь Памираар аялсан тухай “Дэлхийн дээвар – Памир” нэртэй номоо Элчин сайдад дурсгал болгов.

“Сел и поехал” олон улсын аялагчдын хөдөлгөөний гишүүдийн үзэж байгаагаар “Чингис хааны жимээр” аялал нь жуулчлалын салбарын хөгжилд түлхэц болохоос гадна Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр болох аж.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.