ОХУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ УЛААН ДИПЛОМТОЙ ТӨГСӨГЧДӨД ЭЛЧИН САЙД “ХҮНДЭТГЭЛ” ГАРДУУЛАВ

2016-2017 оны хичээлийн жилд ОХУ-ын иргэний ба батлан хамгаалах, хууль зүй, дотоодыг хамгаалах, хил хамгаалах, иргэний хамгаалалтын чиглэлээрх их, дээд сургууль, академийг алтан медаль ба улаан дипломтой төгссөн  41 төгсөгчийн төлөөлөлийг энэ сарын 30-нд ноднин жилээс  тогтсон уламжлал ёсоор Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч “Хүндэтгэл” гардуулав.

Ёслолыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа төгсөгчдэд баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд Б.Дэлгэрмаа хэлсэн үгэндээ “Эх орон, ээж аав, элгэн садныхаа итгэлийг дааж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж,  бусад оюутнууддаа үлгэр дууриал болсон төгсөгчид та нартаа чин сэтгэлийн баяр хүргэе” гээд “96 жилийн өмнө Монгол Улс ба ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш ОХУ манай улсад өрнийн соёл иргэншлийн бүх талын суурийг бий болгоход онцгойлон тусалсан оронд их, дээд сургуулийг амжилттай төгссөн та бүхэн Монгол улсынхаа бүтээн байгуулалтын тэргүүн эгнээний  манлайлагч нь байж энэ цаг үед үндэстнийхээ бахархалт түүхийг бүтээгчид болно гэдэгт итгэж байна” гээд “хүн төрөлхтний техник, технологийн хөгжлийг эх орондоо нутагшуулан хөгжүүлэхдээ тэр замыг нь дууриаж  дагасаар гүйцэж очих аргагүй тул өмнөөс нь дөтлөн гүйцэн очиж ногоон эдийн засаг дээр тулгуурласан экологийн чиг хандлагатай өндөр технологийг ашигладаг аж үйлдвэржсэн орныг хойч үедээ үлдээх ёстой.Та бүхний ОХУ-д мэдсэн, сурсан бүхэн хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглээд “ОХУ-ын төгсөгчдийн альма-матерын эгнээ Та бүхнээр өргөжин тэллээ. Та бүхнээр эх орон бахархаж байна” гэж үгээ өндөрлөөд улаан дипломтой төгссөн төгсөгчдэд  “Хүндэтгэл” гардуулав.

ОХУ-ын их, дээд сургууль, академийг алтан медаль ба улаан дипломтой төгссөн  41 төгсөгчийн төлөөлөл болж Москвагийн Цэргийн их сургуулийн оюутан Г.Эрдэнэбат, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутан Б.Золбоо, Москвагийн геодези, зурагзүйн улсын их сургуулийн оюутан Э.Чинзолбоо, Москвагийн улсын барилгын их сургуулийн оюутан Г.Анарцэцэг, Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн оюутан Б.Номин, Гнесиныхны нэрэмжит Москвагийн хөгжмийн академийн оюутан Г.Оюун-Эрдэнэ, Менделеевын нэрэмжит хими-технологийн улсын их сургуулийн оюутан Э.Энхзаяа нар Элчин сайдын гараас “Хүндэтгэл”-ээ гардан авав.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.