“ТОРГОНЫ ЗАМ” ОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИ УРАЛДААНЫГ 2018 ОНООС МОНГОЛ УЛСАД ЯВУУЛАХААР БОЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Торгоны зам” олон улсын авто раллигийн Зохион байгуулах хорооны гишүүн Владимир Самойловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр В.Самойлов Элчин сайдад “Торгоны зам – 2017” олон улсын авто раллигийн гараагаа эхлэх ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор оролцох урилгыг гардуулав.

Ёслолын арга хэмжээг “Торгоны зам” олон улсын авто раллигийн Зохион байгуулах хорооны гишүүд болох ОХУ-ын Спортын сайд П.Колобков, Оросын олимпын хорооны Ерөнхийлөгч А.Жуков, Газпром компаний ТУЗ-ын дарга А.Б.Миллер зэрэг Оросын төрийн байгууллага болон бизнесийн салбарын удирдах албан тушаалтнууд нээх бөгөөд Монгол Улсаа төлөөлөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Мотоспортын I зэргийн тамирчин Э.Амгалан нар Элчин сайдын хамт оролцоно.

2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа “Торгоны зам” авто раллигийн энэ удаагийн уралдаанд олон улсын 17 тусгай баг тамирчид ОХУ – Казахстан – БНХАУ-ыг холбосон 9608 км-ийн зайд хурд хүчээ сорихоор бэлтгэлээ хангасан байгаа аж. Баг тамирчид 2017 оны 7 дугаар сарын 7-нд Улаан талбайгаас гараагаа эхлэх юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Торгоны зам” авто ралли уралдааныг зохион байгуулалт, цар хүрээний хувьд “Парис – Дакар” ралли уралдаанаас дутахааргүй өндөр түвшинд хүргэхийг үүрэг болгосон байна. Ийнхүү “Торгоны зам” авто ралли уралдааны Зохион байгуулах хороо тус уралдааныг 2018 оноос Монгол Улсаар дайруулан зохион байгуулдаг болгохоор шийдвэр гаргаж, манай талтай зохих түвшний яриа хэлэлцээ хийгээд байгаагаа уламжлав.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.