МОСКВАГИЙН 39 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадам энэ оны 6 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэлж, их наадмын нээлтийн улаан хивсний ёслол мөн өдрийн 19.00 цагт Москва хотын “Россия” кинотеатрт ёслол төгөлдөр боллоо.

Нээлтийн ёслолыг ОХУ-ын “Госдум”-ын 1 дүгээр орлогч дарга Александр Жуков нээж, Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг дэвшүүлсэн бөгөөд их наадмын Ерөнхийлөгч Н.Михалков, наадмын Ерөнхий шүүгч, Иран Улсын кино найруулагч Реза Миркарими нар 39 дэх удаагийн кино наадам албан ёсоор нээгдсэнийг зарласан.

Уламжлалын дагуу нээлтийн ёслолын үеэр олгодог “Дэлхийн кино урлагийн түүхэнд оруулсан хувь нэмрийн төлөө”  тусгай шагналыг  их наадмын Ерөнхийлөгч Никита Михалков, Америкийн продюсер Пол Масланский нар Италийн нэрт жүжигчин Франко Нерод гардууллаа.

Москвагийн олон улсын кино наадам нь «Москва дахь зөвлөлтийн кино наадам” нэртэйгээр Москва хотод 1935 онд анх удаа зохион байгуулагдсан дэлхийн анхны кино наадмын нэг бөгөөд цар хүрээ, ач холбогдлоороо Венецийн кино наадмын дараа ордог, Олон улсын кинопродюссоруудын холбооны “А” зэрэглэлийн аккредитацтай, кино урлагийн том арга хэмжээ юм.

Их наадмын Ерөнхийлөгчөөр ОХУ-ын Кино үйлдвэрлэгчдийн холбооны дарга, Ардын жүжигчин, кино найруулагч, жүжигчин, дэлгэцийн найруулагч, продюсер Никита Михалков, Хөтөлбөрийн захирлаар  ОХУ-ын кино, соёл урлаг судлаач, Кино судлаач, кино шүүмжлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Кирилл Разлогов, Кино сонгон шалгаруулах комиссын даргаар ОХУ-ын кино судлаач, кино шүүмжлэгч Андрей Плахов нар ажиллаж байна.

Энэ удаагийн кино наадмын уралдаант хөтөлбөрийн шүүгчээр Финляндын кино найруулагч Й.Доннер, Испанийн кино найруулагч А.Серра, Ираны кино найруулагч Р. Миркарими, Италийн нэрт жүжигчин О.Мути, Оросын кино жүжигчин, найруулагч А. Адабашьян нарын нэртэй хүмүүс ажиллах юм.

Наадмын хөтөлбөрийн дагуу нийт 500 шахам кино үзэгчдийн хүртээл болох бөгөөд уралдаант хөтөлбөрт Японы “Апрельский сон длиной в три года”, Туркийн “Желтая жара”, Финляндийн “Звездачи”, ОХУ-ын “Карп замороженный”, “Мешок без дна”, “Купи меня”, Герман, Австрийн хамтарсан “Лучший из миров”, Солонгосын “Обычный человек”, Данийн “Преисподняя”, Испанийн “Селфи”, Аргентины “Симфони для Анны”, Бангладеш, Энэтхэгийн хамтарсан “Утопленник”, Хятадын “Хохлатый ибис” кинонууд өрсөлдөх юм.

Их наадмын нээлтийн улаан хивсний ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, наадмын хөтөлбөрт орсон монголын уран сайхны “Явуулын хүн” киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин, мисс А.Баярцэцэг нар оролцлоо.

Манай улс 1959 онд анх удаа зохиогч Ч.Ойдов, найруулагч Д.Жигжид нарын бүтээл “Ардын Элч” киногоор Москвагийн олон улсын кино наадамд оролцож, Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн наадамд “Дижитал Контент” дистрибьютр компаниас нэр дэвшүүлсэн найруулагч Д.Баярсайхан, продюсер О.Урантуяа нарын бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино тус наадмын “Уралдаант бус” хөтөлбөрийн “Русский след” хэсэгт сонгогдсон нь манай улсын орчин үеийн кино урлагийн түүхэнд анх удаа тохиож буй тэмдэглэлтэй үйл явдал боллоо.

Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадмын үзэгчдэд “Явуулын хүн” уран сайхны киног танилцуулахаар киноны уран бүтээлчдийг төлөөлж Москва хотод хүрэлцэн ирсэн гүйцэтгэх продюсер Б.Мэндсайхан, жүжигчин А.Алтантөр, А.Баярцэцэг нарыг Москва дахь ЭСЯ угтан авч, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлж, кино наадмын зохион байгуулагчидтай хамтран ажиллаж байна.

Их наадмын хөтөлбөрийн дагуу “Явуулын хүн” киног Москва хотын нэр хүндтнй “Октябрь” кинотеатрт 6 дугаар сарын 25-ны өдөр үзэгчдэд толилуулах үйл ажиллагаа болов. Тус киног Москва дахь монгол иргэдийн сацуу, кино урлагийн шүүмжлэгч, сэтгүүлчид зэрэг цөөнгүй оросын үзэгчид үзэж, киноны төгсгөлд уран бүтээлчидтэй уулзах үеэр сэтгэгдлээ хуваалцаж байв. Энэхүү арга хэмжээнд Москва дахь ЭСЯ-ны хамт олон оролцож Элчин сайд Б.Дэлгэрмаа киноны уран бүтээлчид болон кино наадмын зохион байгуулагчид хандан мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү арга хэмжээний дараа Элчин сайд Б.Дэлгэрмаа “Явуулын хүн” киноны уран бүтээлчид болон их наадмын зохион байгуулагчид, наадмын зочдыг ЭСЯ-ны байранд урьж, хүндэтгэл үзүүлэв. Энэ арга хэмжээнд их наадмын хөтөлбөрийн захирал, кино судлаач, кино шүүмжлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Кирилл Разлогов болон Турк, Хятад, Иран, Итал, Япон,  Англи, Болгар, Эстони, Украйн зэрэг орны кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөл болох 20 шахам хүн оролцсон бөгөөд “Явуулын хүн” киног үзээд нүүдэлчний ахуй соёл, зан заншлыг харуулсан, эерэг сайхан кино болсон байна хэмээн талархал илэрхийллээ.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.