“ЧУЙН ЗАМ”-ЫН 95 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ТӨРИЙН ДУМД НЭЭГДЭВ

ОХУ-ын Уулын Алтайн БН улсын нутаг дахь Чуйн голоор нэрлэгдсэн алдарт худалдааны замыг улсын мэдэлд авсны 95 жилийн ойд зориулсан “Чуйн замын шинэ эрин 1922-2022” нэртэй үзэсгэлэн 2017 оны 6 дугаар сарын 7-нд Төрийн Думын байранд нээгдэв.

Уулын Алтайн нутгаар дамжин өнгөрч байгаа “Чуйн зам” нь түүхийнхээ туршид янз бүрийн үндэс угсаа, шашин шүтлэг, ёс заншилтай ард түмний  эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон “Торгоны их зам”-ын хойт салаа нь байсан юм. Өнөөдрийн “Чуйн зам” нь бүс нутгийн болон олон улсын онцгой ач холбогдолтой орчин үеийн тээврийн гудам болоод байна. Энэхүү замыг НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн хамгийн сайхан замуудын нэг гэж үнэлжээ.

Энэхүү худалдааны алдарт замд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа урилгаар оролцож хэлсэн үгэндээ, “түүхт Чуйн зам нь Уулын Алтайн нийслэл Бийск хотоос Монгол Улсын хил хүртэл 630 километр үргэлжилдэг юм. Энэ замаар 1941-1942 оны өвөл Зөвлөлтийн армид зориулан монголын ард түмний бэлтгэсэн мал, ангийн мах, эсгий гутал, цэрэг нэхий, хөвөнтэй бээлий, үстэй малгай зэрэг бэлгийг хэдэн зуун тэмээнд ачин монголын Ховд хотоос зөвлөлт монголын хил хүрч тэндээсээ “Чуйн зам”-аар Бийск хот хүртэл 1030 километр замыг туулж төмөр замд хүргэж байсан түүхтэй. 1941 оны 9 дүгээр сарын 17-нд Ховд хотоос гарсан жингийн цуваа 1942 оны 2 дугаар сарын эхээр нутагтаа эргэн ирж байжээ. Одоо машинаар Бийск хотоос 8 цаг давхиад монголын хил хүрч байна. Энэхүү алдарт зам монгол, оросын харилцаа тэр тусмаа бүс нутгийн харилцааг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон тэмдэглэв.

Мөн Оросын нэрт улс төрч, нийгмийн зүтгэлтнүүд Төрийн Дум дахь  “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, ЛАН-ын дарга В.В.Жириновский, ОХУКН-ын дарга Г.Зюганов, “Шудрага Орос” намын дарга С.М.Миронов, Төрийн Думын барилга, тээврийн байнгын хорооны дарга Е.С.Москвичев, эрчим хүчний байнгын хорооны дарга, алдарт бөх А.А.Карелин, зөвлөлт, орос улсын жүжигчин, ЗСБНХОУ-ын Ардын жүжигчин Л.В.Куравлев, Холбооны замын агентлагын дарга Р.В. Старовойт нар оролцож үг хэлэв.

“Чуйн алдарт замаар монголын ард түмний сэтгэл харамгүй бэлэг, тусламж Эх орны их дайны фронт хүрч энэхүү тусламжийн хөрөнгөөр бид танкын бригад, нисэх онгоцны эскадриль бүтээж байсан сайхан түүхтэй. Монгол, Орос улсын нутгийг дамжсан эртний худалдааны энэхүү  замаар  Азийн улсуудын барааг богино хугацаанд Европ хүргэх өргөн боломж нээлттэй байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэж ОХУКН-ын дарга Г.Зюганов хэлсэн үгэндээ онцолсон байна.

Оросын ЛАН-ын дарга В.В.Жириновский хэлсэн үгэндээ, “Чуйн худалдааны замыг Монгол Улс үгүйгээр төсөөлөшгүй. Өнөөдрийн арга хэмжээнд Монгол Улсын Элчин сайд оролцож байна. Орчин цагт “Торгоны зам”-ын нэгэн чухал хэсэг болох Монгол, Оросын нутаг дэвсгэрийг хамарсан худалдааны шинэ урсгал бий болно гэдэгт итгэл төгс байна” гэж онцлон тэмдэглэв.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.