МОНГОЛ ОЮУТНЫ СПОРТЫН “УНИВЕРСИАД – 2017” IV ИХ НААДМЫН ЕВРОПЫН БҮСИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол оюутны спортын “Универсиад – 2017” IV их наадмын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЭСЯ-ны Төв байранд болж, оюутан залуус өөрсдийн оюуны хурд, хүчээ шатрын өргөн дээр уралдууллаа.

“Универсиад – 2017” IV их наадмыг Зохион байгуулах комиссын Шатрын дэд хэсгийн ахлагч Э.Бум-Эрдэнэ, 2014 оны Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээний аварга, 2017 оны Дэлхийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний аварга Б.Баярмаа нар тэмцээний эхний нүүдлийг хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв.

Европын бүсийн IV их наадмын шатрын эмэгтэй ганцаарчилсан төрөлд 14, эрэгтэй ганцаарчилсан төрөлд 26, нийт 40 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Москва хотын “Мөнх тэнгэр” ТББ-ын тамирчин Г.Мөнхсүх тэргүүн байр, Эрхүү хотын “Иркутск” багийн тамирчин Б.Энхзориг дэд байр, Москва хотын “Мөнх тэнгэр” ТББ-ын тамирчин Н.Мөнхжаргал гутгаар байр, эмэгтэй төрөлд Москва хотын “Мөнх тэнгэр” ТББ-ын тамирчин Б.Баярмаа тэргүүн байр, Москва хотын “Локомотив” багийн тамирчин А.Цээпилмаа дэд байр, Екатеринбург хотын “Урал” багийн тамирчин Д.Маралгуа гутгаар байрны болзлыг тус тус хангав.

Тэмцээний ялагч нарт 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Их наадмын хаалтын нэгдсэн үйл ажиллагааны үеэр медаль, өргөмжлөлийг ёслол төгөлдөр гардуулах болно.

Оролцогчдын оюуны авхаалж самбааг сорьсон тус тэмцээн тун өрсөлдөөнтэй, амжилттай болж өндөрлөлөө.

“Универсиад – 2017” IV их наадам үргэлжилж байна…

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.