СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ИРГЭДИЙН АНХААРАЛД

2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр                                                      Москва хот

Сүүлийн үед олон улс оронд удаа дараа алан хядах үйл ажиллагаа болж, түүнд энгийн иргэд өртөж олноороо амь насаа алдаж байгаа нь бидний сэтгэл санааг түгшээж байгаа билээ.

ОХУ-ын Санкт-Петербург хотод 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд Сенная плошадь-Технологический институт метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 14 хүн амь эрсдэж, 47 хүн шархадсан хэрэг гарлаа.

Иймд тус улсад суугаа монгол иргэд хүн олноор цугласан үзвэр, үйлчилгээний газар, дэлгүүр, худалдааны төвөөр явахдаа сонор сэрэмжтэй байх, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг ЭСЯ-аас анхааруулж байна.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭСЯ

ЗӨВЛӨМЖ

– Иргэн Та өөрийн оршин суугаа газрынхаа дотоод хууль, дэг журмыг чанд сахиж, хот суурингийнхаа цагийн байдал, аюул түгшүүр үүсч болзошгүй нөхцөл, лалын орноос гаралтай оршин суугчдын үйл ажиллагааны талаарх мэдээ, сэрэмжлүүлэгтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт хийж сонор сэрэмжтэй байх;

– Зодоон үймээн, алан хядах ажиллагаа, зэвсэг хэрэглэсэн үйлдлийн золиос болохоос сэргийлж, онцын шаардлагагүй бол хүн ам олноор төвлөрсөн, цугларсан болон танихгүй мэдэхгүй газар явахгүй байх;

– Алан хядагчид спорт, урлагийн тоглолт, зоог цэнгээний болон нийтийн тээврийн газар, хэрэгслийг сонгож террорист халдлагаа үйлддэг учраас тийм орчинд очсон тохиолдолд анхаарал болгоомжоо дээшлүүлж, сэрэмжтэй байх, удаан байхаас зайлсхийх;

– Сэжиг бүхий царай төрх, үйл хөдлөлтэй хүмүүстэй харилцаанд орохгүй, тиймэрхүү хүмүүсийн зүгээс тавьж буй санал, үйлдэлд хариу өгөхгүй байх;

– Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо аль болох хүн цөөн хэсэгт зорчиж байх, нийтийн тээврийн хэрэгсэл болон бусад газар орхисон эзэнгүй цүнх, хайрцаг зэргээс хол явах, танихгүй хүний цүнх, ачаа тээшийг тээвэрлэхгүй байх; Халдлага ихэвчлэн ачаалал ихтэй цагуудад болдгийг ямагт санаж явах;

– Ямар нэгэн аюул болсон бол нэн яаралтай бусад монголчууддаа утас болон интернэт ашиглаж мэддэгдэж байх.

– Өөрийн сэтгэл зүйг аль болох тайван байлгах хэрэгтэй. Учир нь аюул болсон үед хамгаалалт хяналт өндөржүүлсэн бэлэн байдалд ордог тул аль болох аюулгүйгээр гэртээ харьж болно.

Аливаа асуудал гарсан тохиолдолд тухайн орны хууль, хяналтын байгууллагын ажилтан болон Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэстэй
шууд холбогдох

/ЭСЯ-ны шуурхай холбоо барих утас: 8-499-2411557,8-495-6914636.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.