ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн  их сургуульд  энэ сарын 27-нд айлчлахад тус сургуулийн  захирал В.И.Гришин, тус сургуулийн хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал Д.А.Штыхно, Олон улсын хамтын  ажиллагааны газрын дарга Л.А.Брагин нар хүлээн авч уулзав. Энэ уулзалтанд тус ЭСЯ-ны зөвлөх  Д.Баасанхүү,  III нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа, Ц.Баттөр нар, тус сургуулийн багш нар болон  монгол оюутны төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн  их сургуулийн 110 жилийн ойг энэ онд тэмдэглэж буйд тус сургуулийн эрдэмтэн багш нарт баяр хүргээд түүн дотроо Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор мөн үед шагнуулсан тус сургуулийн захирал, техникийн ухааны доктор В.И. Гришинд онцгойлон баяр хүргэж судалгааны ба сурган хүмүүжүүлэх үйлст нь амжилт хүсэн ерөөв.

Дараа нь Монгол Улсын тухай танилцуулга видео бичлэг үзүүлж  Элчин сайд Б.Дэлгэрмаа “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гарц” нэртэй лекцийг цугласан олонд  уншиж сонирхсон асуултанд хариулав.

Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн  их сургуулийн захирал В.И.Гришин Элчин сайд Б.Дэлгэрмааг тус сургуульд морилон ирж  Монгол Улсын талаар, түүн дотор худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны талаар сонирхолтой мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд цаашид мэргэжлийн тэнхмийн багш, судлаач нарыг оролцуулан өргөжүүлсэн лекци уншиж өгөх хүсэлт тавив.

Айлчлалын товын  дагуу тус сургуулийн захирал  В.И.Гришин Элчин сайд Б.Дэлгэрмаа ба дагалдан яваа хүмүүст тус сургуулийн  хичээлийн 8 байрыг үзүүлж  материал судалгааны лаборатор, номын сан, уншлагын заал, биеийн тамирын заал, бүжгийн заал, усан сэлэлтийн бассейн, тус сургууль дотор байдаг Гэгээн Валентинагийн сүм, багш  ба оюутны хоолны газар, цайны газар зэргээр оруулж сонирхуулав.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.