МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ БАЯР МОСКВАД БОЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын  цуврал арга хэмжээний хүрээнд Москва хотын томоохон “Лотте” зочид буудалд Монгол Улсын урлагийн мастеруудын концерт болон “Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

Баярын арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэргэрмаа нээж, хэлсэн үгэндээ, Монгол-Оросын дипломат харилцаанд соёл хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, соёлын хамтын ажиллагаа нь эрт дээр үеэс улс хоорондын харилцааны чухал хэлбэр байсаар ирсэн бөгөөд соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, үндэстэн хоорондын итгэлцэлд чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний соёлыг харилцан баяжуулж, хөгжүүлэхэд түлхэц болдог ач холбогдолтойг дурдаад, Монгол Улсын урлагийн мастеруудын концерт зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, мөн түүнчлэн баярын арга хэмжээг дэмжиж “Шилмэл загвар” төвийн захирал хатагтай Ч.Оюунцэцэг, дизайнер Б.Дулам нар уран бүтээлчдийнхээ хамтаар өөрсдийн зардлаар хүрэлцэн ирж оролцож байгаад гүн талархал илэрхийлэв.

Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Соёлын дэд сайд А.В.Журавский оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Баярын концертод Монгол Улсын БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдоор ахлуулсан УДБЭТ-ын жүжигчид тэр дундаа төгөлдөр хуурч, МУГЖ Б.Солонго, МУГЖ дуучин Б.Сарантуяа зэрэг монголын нэр хүндтэй уран бүтээлчид ая дуугаа өргөв.

МУГЖ, дуучин Д.Сарантуяа Р.Рождественскийн үг, Е.Птичкиний ая, “Эхо любви”, СГЗ Б.Долгионы хөгжим, “Сэхүүн салхи” болон “Содура” киноны дуугаараа ая барьж үзэгч олноо хөгжөөн баясгав.

Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дууны “Хатан хаан” Н.Норовбанзадын нэрэмжит Олон улсын уртын дуу дуулаачдын уралдааны “Гран–при” шагналт, дуучин МУСТА Ц.Түмэнжаргал  “Уяхан замбуу тивийн наран” монгол ардын уртын дууг дуулхад танхим тэр чигээрээ сансар огторгуйд байгаа мэт  нам жим байлаа.

УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Б.Эрдэнэтуяа “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари, “Турбадур” дуурийн Леонорын ари, “Волга реченька” орос ардын дуу, УДБЭТ-ын гоцлол дуучин, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны II байрын шагналт, МУСТА О.Хүрэлбаатар “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн арийг тус тус дуулж сонгодог хөгжмийн гайхамшгийг үзүүлэв.

УАДБЧ-ын морин хуурч Ж.Бөхжаргал “Орос ардын аялгуу”-г хуурдахад үзэгчид аялгууг нь даган алга ташиж байв. Соёлын тэргүүний ажилтан Ж.Мандухай нарын бүжигчид Д.Баярбаатарын дэглэлт “Аягатай биелгээ”-г бүжиглэж төгсгөлд нь аягатай сүүгээ юүлхэд үзэгчид дуу алдаж байлаа.

“Шилмэл загвар” төвийн Дэлхийн супер модель Т.Шинэтуяа, Азийн супер модель, мисс Т.Батцэцэг тэргүүтэй 11 загвар өмсөгч гоёлын болон өдөр тутмын ноолуур, эсгий, торгон хувцасны загваруудыг үзүүлэхэд сэтгэл нь хөдөлсөн үзэгчид алга нижигнүүлэн ташиж байлаа.

Концертын төгсгөлд Ц. Намсрайжавын хөгжим, Ж. Бадраагийн үг “ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” дууг бүх уран бүтээлчид үзэгчдийнхээ хамт дуулснаар баярын концерт өндөрлөлөв.

Баярын арга хэмжээний үеэр ЭСЯ-ны санд хадгалагдаж буй 108 монгол морины баримал, дэлхийн соёл урлагийн сангийн ховор нандин үзмэрт зүй ёсоор тооцогдон  ОХУ-ын “Эрмитаж” уран зургийн музейн санд хадгалагдаж буй монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийн гэрэл зургууд, Чех улсын нэрт археологч Лумир Йислийн Монгол Улсын 1958-1963 оны түүхийг баримтжуулан үлдээсэн гэрэл зургууд болон манай улсын орчин үеийн хөгжлийг харуулсан маш сонирхолтой гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасныг зочид ихэд таашаан үзэж, сонирхов.

Ийнхүү Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас зохион байгуулсан монголын соёл урлагийн хүндэтгэлийн арга хэмжээг ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Б.Б.Жамсуев, А.К.Тулохонов, ОХУ-ын ДХЯ-ны дэд сайд И.Н.Зубов, ГХЯ, бусад яамд, агентлаг, байгууллагын төлөөлөл, түүнчлэн гадаад орнуудаас ОХУ-д суугаа ДТГ-ын тэргүүн болон тэдгээрийн төлөөлөл, Москва хотноо ЭСЯ-наас 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан монгол оюутнуудын урлагийн наадмын оролцогсод, шагналтнууд зэрэг олон хүн үзэж сонирхсон бөгөөд баярын арга хэмжээ өндөрлөсний дараа зочид удаан хугацаагаар танхимд саатаж, сэтгэгдлээ хуваалцаж, зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлж байв.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан Монгол Улсын урлагийн мастеруудын концерт болон “Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэр нь Монгол Улсын урлаг соёлыг оросууд болон гадаадынханд сурталчилсан чухал ач холбогдолтой, томоохон арга хэмжээ болов.

10

1

2

3

4

16

17

18

19

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.