МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 95 ЖИЛИЙН ОЙ

ЭЛГЭН САДАН, ЭХ ОРОН НЭГТНҮҮД ЭЭ,

ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

2016 оны хувьд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн түүхэн тэмдэглэлт ой тохиож буй онцлог жил болж байна. Тэртээ 95 жилийн өмнө Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээн тунхаглаж, хамгийн анх Орос Улстай элчин харилцаа тогтоосон билээ. Өнгөрсөн хугацаанд манай үе үеийн сэхээтэн, эрдэмтэн, инженер техникийн ажилтан, батлан хамгаалал болон дипломат албаны цөм болсон хүмүүс хойд хөршийн их, дээд сургуулиудад боловсрол эзэмшиж, амьдралын гараагаа эхэлсэн байдаг. Энэхүү уламжлал өнөөдөр ч хадгалагдсан хэвээр байна. Оросын ард түмэн ч манай иргэдийг элгэмсэг дотноор хүлээн авч, тус дэмээ харамгүй үзүүлсээр иржээ. Манай хоёр орны энэхүү ховорхон нөхөрлөлийн 95 жилийн ойг монгол иргэдийнхээ өргөн оролцоотойгоор, нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд манай ЭСЯ онцгой анхаарал хандуулж, Монгол, Оросын “Найрамдлын сар”-ын тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

“Найрамдлын сар”-ын нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах тул ОХУ-д сурч, ажиллаж буй элэг нэгт Монголчууд Та бүхнийг уг арга хэмжээнд морилон ирж, өргөнөөр оролцохыг урья.

Тус ЭСЯ-ны ивээл дор зохиогдох “Найрамдлын сар”-ын арга хэмжээг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дэмжиж, урлагийн нэр хүнд бүхий төлөөлөгчдийн багийг манай арга хэмжээнүүдэд оролцуулахаар болсныг бидэнд мэдэгдээд байна. Тухайлбал, МУГЖ, дуучин Б.Сарантуяа, Classic Gem хамтлаг, Үндэсний ардын дуу, бүжгийн эрдмийн чуулгын төлөөлөл зэрэг урлагийн нэр хүндтэй төлөөлөгчид манай арга хэмжээнд оролцоно.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Элчин сайдын нэрэмжит сагсны тэмцээнийг зохион байгуулах болно. ЭСЯ-ны зүгээс ОХУ-д сурч, амьдарч буй бүх насны монгол иргэдийг багаа бүрдүүлэн, хувцаслалтаа жигдрүүлж, уг тэмцээнд өргөнөөр оролцохыг уриалж байна. Тэмцээнд оролцох сонирхолтой баг, тамирчдыг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс ЭСЯ-ны төв байранд бүртгэж эхэлснийг Та бүхэнд сонордуулъя. Бүртгэл 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Хоёр орны найрамдлын сар, дипломат харилцааны түүхэн тэгш ойн баярт зориулсан дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцож, тэргүүн байр эзэлсэн баг, тамирчдад шилжин явах цом, мөнгөн шагнал гардуулах болно.

Түүнчлэн “Найрамдлын сар”-ын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулах тул Та бүхнийг уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсье. Үүнд:

  • 10 дугаар сарын 9-ний өдөр ОХУ дахь ЭСЯ болон ОХУ дахь Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж буй оюутны урлагийн их наадам;
  • 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ дахь ЭСЯ болон БСШУСЯ хамтран зохион байгуулж буй Монголын урлагийн мастеруудын концерт;
  • 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон ОХУ дахь ЭСЯ хамтран ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн оролцоотойгоор зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хурал;
  • 10 дугаар сарын 15-ны өдөр ОХУ дахь ЭСЯ-наас зохион байгуулж буй анхны Элчин сайд Ж.Даваа гүний нэрэмжит теннисний тэмцээн;
  • 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ дахь ЭСЯ болон “Общество друзей Монголии” ТББ-аас хамтран зохион байгуулж буй соёлын арга хэмжээ;
  • 10 дугаар сарын 22-ны өдөр ОХУ дахь ЭСЯ-наас зохион байгуулж буй Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит шатрын тэмцээн;
  • 11 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ дахь ЭСЯ Москва хотын захиргаатай хамтран “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнжид байрлуулах шав тавих ёслолын ажиллагаа зэрэг болно.

 95 жилийн ой, Найрамдлын сар-ыг Зохион байгуулах Хороо

ОХУ дахь ЭСЯ

Холбоо барих утас:     + 7-495-691-46-36; + 7-495-690-02-53 ;+ 7-495-690-02-64

Жич: Болох арга хэмжээ, газар, цагийг ЭСЯ-ны Зохион байгуулах Хорооноос лавлах.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.